/ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Цагдаагийн алба хаагчаас баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчийн нэр төрийг хамгаалахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2.Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй байж, хуулиа дээдлэн, шударга ёс, тэгш байдлыг ханган, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ажил хэрэгч, соёлч, цагдаагийн алба хаагчийн нэр төр, алдар хүндийг ямагт өргөж, өөрийгөө хөгжүүлэн, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг эрхэмлэнэ.

1.3.Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;

1.3.2.“ноцтой зөрчил" гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг.

1.4.Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

1.5.Цагдаагийн алба хаагч нь бусдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ.

Хоёр.Ёс зүйн хэм хэмжээ

2.1.Хууль дээдлэх:

2.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;

2.1.2.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх;

2.1.3.aлбан үүргээ гүйцэтгэх явцдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг үл задруулах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр суурь илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. 2.2. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх:

2.2.1.хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

2.2.2.цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх;

2.2.3.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх.

2.3.Шударгаар ажиллаж, амьдрах:

2.3.1.хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих;

2.3.2.цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх;

2.3.3.бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх;

2.3.4.авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх;

2.3.5.албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төрд харшилж болох болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглахгүй байх, зуучлахгүй байх;

2.3.6.албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх;

2.3.7.алба хаагчийн шалгаж байгаа мэдээ, мэдээлэл, өргөдөл, гомдол, хүсэлт нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх;

2.3.8.байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх.

2.4.Ёс суртахуунтай байх:

2.4.1.өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх;

2.4.2.албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх;

2.4.3.байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа аливаа үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, оролцохгүй байх;

2.4.4.албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатай нуун дарагдуулах, буруу мэдээллээр хангах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;

2.4.5.цагдаагийн алба хаагч нь ажлын байранд мөрийтэй, бооцоотой тоглоом, иргэний хувьд хуулиар хориглосон тоглоом тоглох, зохион байгуулахад оролцохгүй байх;

2.4.6.ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газарт тамхи татахгүй байх;

2.4.7. Олон нийтийн газар, авто зам, гудамж талбайд бие засах, эсхүл нус цэр, шүлс, тамхины иш, хог хаяхгүй байх;

2.4.8.согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх;

2.4.9.шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх;

2.4.10.гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх;

2.4.11.олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албаны мэдээ, мэдээлэл, цагдаагийн дүрэмт хувцастай зураг, санал, сэтгэгдэл оруулахгүй, ажлын цагаар хувийн асуудлаар цахим сүлжээнд орохгүй байх;

2.4.12.цагдаагийн дүрэмт хувцас, албаны үнэмлэх, тэмдэг, тусгай болон техник хэрэгслийг бусдад дамжуулах, хэрэглүүлэх, бусдад барьцаа болгон үлдээхгүй байх;

2.4.13.иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх;

2.4.14.удирдах албан тушаалтан алба хаагчидтай соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах;

2.4.15.цагдаагийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харьцах.

2.5.Өөрийгөө хөгжүүлэх:

2.5.1.цагдаагийн алба хаагч нь өөрийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх нь насан туршийн үйл явц гэж ухамсарлан ойлгож, бүхий л боломж, бололцоог ашиглан өөрийгөө хөгжүүлж, өөрийн алдаа, дутагдлыг арилгахыг эрмэлзэх бөгөөд дээд шатны удирдах албан тушаалтан дэмжлэг үзүүлнэ.

Гурав.Хариуцлага

3.1.Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ.

3.2.Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хууль1 -ийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна.

3.3.Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 81.6 дахь хэсэгт заасны дагуу ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй.

3.4.Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн

82.1.1-д заасны дагуу албанаас хална. 3.5.Ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 81.9 дэх хэсэгт заасныг баримтлан, хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

Дөрөв.Бусад

4.1.Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.

4.2.Цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь энэхүү дүрмийг алба хаагчид танилцуулан гарын үсэг зуруулж, жилийн эцэст үр дүнгийн гэрээгээр үнэлэлт, дүгнэлт өгнө.

4.3.Ёс зүйн хувьд бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, иргэд, байгууллагын талархал хүлээсэн алба хаагчийг дараах байдлаар урамшуулж болно: 1Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2017 он, №20

4.3.1.хамт олны өмнө сайшааж хувийн хэрэгт тэмдэглэх;

4.3.2.цалинг үр дүнгээр нэмэх /тэтгэмж, мөнгөн урамшуулал олгох/;

4.3.3.боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, сургалтад хамрагдах эрх олгох;

4.3.4.цалинтай амралт, сувилалд хамруулах; 4.3.5.цагдаагийн байгууллагын болон салбарын шагналд шагнуулахаар тодорхойлох;

4.3.6.албан тушаал дэвшүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах. ---оОо---

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна